Оюутнууд юу сурах вэ?

Ер нь сургалтын програмд чөлөөт, хөрвөх чадвартай МТ-н мэргэжилтэн хийгээд програм зохиогч бэлтгэхэд чиглэгдэх хэрэгтэй. Програмчлалын үндэс, алгоритмын үндэс, мэдээллийн баазын үндэс гэх мэт суурь ерөнхий ойлголтуудаа сайн өгөөд тэдгээр онол дээр суурилан оюутнууд өөрсдөө цааш нь хөгжүүлэн суралцах боломжийг хангавал тэд нар маань тогтсон хичээлийн дагуу зөвхөн Borland C эсвэл C+ үзээд төгсөөд байхгүй шдээ. Заавал үзэх ёстой гэдгээр C+, C#, .NET үзүүлчих хэрэгтэй ч үүн дээрээсээ оюутнууд бүлэг болон нэгдэж Perl, Python, PHP, ASP зэрэг түгээмэл программчлалын хэл дээр төрөл бүрийн төсөл, програм бичдэг болбол оюутнууд бие даан ямарч хэлээ сурах боломжийг нь хангаад өгнө шүү дээ.
Хязгаарлагдмал юм үзсэн хүүхдүүд чинь бүгдээрээ зэрэг зэрэг Borland C чадна, өөр юм чадахгүй гээд ажил хайгаад байхаар чинь цөөхөн ажлын байраа дүүргээд бусад ажилгүй хоцордог асуудал гаргаж байна. Эсвэл ямар нэгэн програмын шийдэл хийхдээ би зөвхөн энэ чаддагаараа л хийнэ, өөр хэл дээр амархан эсвэл сайн болохоор байтал чадахгүй ээ гээд байдаг асуудал олонтаа таардаг шүү дээ. Нөгөө хэлийг судлаад сураад хийчих, цаашдаа өөрийгөө хөгжүүлчих боломжийг хардаг ч үгүй эсвэл айгаад үздэггүй.
Техник хангамжийн оюутнууд дээр ч дээрх байдал харагдаж байна. Электроник гэж үзэж үзэж 4 жил болоод төгсөхдөө энгийн сүлжээ тавьж чадахгүйгээр барахгүй TCP/IP бүүр Cisco-г дуулаагүй төгсөөд ирж байгаа хүүхдүүдийг бид буруутгах аргагүй байна. Тэд хүүхдүүдийг жаахан чиглүүлээд заагаад өгөхөд дорхноо (1 сарын дотор шүү) сүлжээний админ хийгээд эхэлж байна шдээ.
Тэгэхээр хэдхэн төрлийн хичээлийн програмаар хүүхдүүдийн хөгжлийг хязгаарлаад төгсгөөд байгаа энэ програмаа нэг эргэн харж, тэд нарт өөрсдийгөө хөгжүүлэх, өөрсдөө бие даан суралцах чадварыг өгөхөд чиглэн ажиллаасай гэж энэхүү листд байгаа нилээд олон доктор, процессоруудаасаа хүсч байна.
Хэдэн их дээд сургуулиудад ганц нэг лекц (Joomla!, мэдээллийн систем болон карьер хөгжүүлэлт гэх мэтээр) уншиж үзэхэд оюутнууд үнэхээр сонирхон гайхан хүлээж авч байсан болно. Ялангуяа их сургуулиа төгсөөд бодит ажил дээр хэрхэн ажилладаг, хэрхэн суралцдаг, цалин гэдгийг яг яаж авдаг гэдгийг хэлээд өгөх хүн байдаггүй юм байна лээ дээ. Нэг харамсалтай хандлага гэвэл ихэнх оюутнуудын сонирхдог зүйл нь “Би төгсөөд ямархуу цалин авах бол” гэж боддог бөгөөд маш цөөхөн оюутан “Би юу сураад, юу чадах вэ” гэдгээ боддог байна. Мөн яаж шинэ юм сурах арга барилыг – Суралцах арга барилыг манай боловсролын систем хараахан өгч чадахгүй байгаа юм уу даа. Ер нь “Чамайг ажил (цалин!) чинь голно уу гэхээс чи цалингаа голдоггүй” гэдэг үг байдаг шүү дээ.
Бичсэн: Т.Алтансүх

0 сэтгэгдэл:

Post a Comment