Эхийн сэтгэл - Гоё шүлэг шүү

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа би зүүдлээгүй юм байна
Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Сарних бодлын минь үзүүрт үр минь торойно.
Сайхан шүлэг бичиж гэнэ, миний хүү
Амьтан хүн уншиж байна гэнэ
Сайхан дуу зохиож гэнэ, миний хүү
Араажаваар дуулж байна гэнээ
Сайн явна гэнэ, миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ, миний муу хүү
Амны зугаа болгон ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй ээ
Амьд яваа чинь л эжийдээ алдар чинь юм шүү дээ.

Ижий нь хүүгээ их санах юмаа
Араг савар хоёроо зөрүүлэн барьж чамайг боддог
Аргал чулуу хоёрыг андууран түүж би хүүгээ санадаг
Алгаа, миний хүү
Тэмээ тэмээн цагаан үүлийг
Тэнгэртээ царцтал би харлаа
Тэнгэрийн тэр ягаан хаяаг
Цав суутал би хүүгээ ширтлээ
Миний хүү ирсэнгүй ээ
Хүний хүү ижийдээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна
Миний муу хүү шоронд орж гэнэ
Голыг минь гогодон хэлж байна
Аа яадгийн ороо л биз
Гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа байх даа, миний муу хүү
Дотогшоо би өмөлзлөө.
Гал шиг залуу явахад үсэрсэн оч минь юмсан
Ганц бие зандан явахад тасарсан навч минь юмсан
Алаг бөмбөл эрдэнэ
Алган дээр минь байна гэж
Зөгнүүлэн ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод
Амандаа үмхтэл залгичихлаа гэж
Зүүдлүүлэн олдсон ганц үр минь билээ
Ядаж яваа юм бол миний хүү
Тэнэж яваад юүхэв, ижийдээ л хүрээд ир
Ядарч байгаа юм бол миний хүү
Тэнд байгаад яах гэсийм, ижийдээ л хүрээд ир.
Хөгцтэй хад шиг хөх толгойтой
Хөгшин муу хүү минь ижийгийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь, эжийдээ ир ээ
Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү эжийдээ ир ээ
Ухаантай даа, миний ганц хүү
Хурай, хурай, хурай
Унага шиг, эжийдээ давхиад ир
Гурий, гурий, гурий.

0 сэтгэгдэл:

Post a Comment