Showing posts with label Шүлэг. Show all posts
Showing posts with label Шүлэг. Show all posts

Гоё шүлэг байгааз

Шүлэг хүнийг уяраадаг
Шүтлэг хүнийг ухааруулдаг
Нулимс хүнийг ганцаардуулдаг
Сэтгэл хүнийг догдлуулдаг
Уншсан шүлгэндээ хүн уяарч
Ухаажсан сэтгэлээр номхруулж чаддаг
Бодол хүнийг төөрүүлдэг
Болзоо хүнийг гэгэлзүүлдэг
Салалт хүнийг сургадаг
Учрал хүнийг хөглөдөг
Төөрсөн бодлоосоо хором холдоод
Төгөлдөр болзоонд зогсоод үзээрэй
Дасcан хүнээсээ салах хэцүү
Дараа нь эргээд уулздаг нь сайхан.
Цааш үзэх...

Эхийн сэтгэл - Гоё шүлэг шүү

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа би зүүдлээгүй юм байна
Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Сарних бодлын минь үзүүрт үр минь торойно.
Сайхан шүлэг бичиж гэнэ, миний хүү
Амьтан хүн уншиж байна гэнэ
Сайхан дуу зохиож гэнэ, миний хүү
Араажаваар дуулж байна гэнээ
Сайн явна гэнэ, миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ, миний муу хүү
Амны зугаа болгон ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй ээ
Амьд яваа чинь л эжийдээ алдар чинь юм шүү дээ.

Ижий нь хүүгээ их санах юмаа
Араг савар хоёроо зөрүүлэн барьж чамайг боддог
Аргал чулуу хоёрыг андууран түүж би хүүгээ санадаг
Алгаа, миний хүү
Тэмээ тэмээн цагаан үүлийг
Тэнгэртээ царцтал би харлаа
Тэнгэрийн тэр ягаан хаяаг
Цав суутал би хүүгээ ширтлээ
Миний хүү ирсэнгүй ээ
Хүний хүү ижийдээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна
Миний муу хүү шоронд орж гэнэ
Голыг минь гогодон хэлж байна
Аа яадгийн ороо л биз
Гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа байх даа, миний муу хүү
Дотогшоо би өмөлзлөө.
Гал шиг залуу явахад үсэрсэн оч минь юмсан
Ганц бие зандан явахад тасарсан навч минь юмсан
Алаг бөмбөл эрдэнэ
Алган дээр минь байна гэж
Зөгнүүлэн ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод
Амандаа үмхтэл залгичихлаа гэж
Зүүдлүүлэн олдсон ганц үр минь билээ
Ядаж яваа юм бол миний хүү
Тэнэж яваад юүхэв, ижийдээ л хүрээд ир
Ядарч байгаа юм бол миний хүү
Тэнд байгаад яах гэсийм, ижийдээ л хүрээд ир.
Хөгцтэй хад шиг хөх толгойтой
Хөгшин муу хүү минь ижийгийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь, эжийдээ ир ээ
Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү эжийдээ ир ээ
Ухаантай даа, миний ганц хүү
Хурай, хурай, хурай
Унага шиг, эжийдээ давхиад ир
Гурий, гурий, гурий.

Цааш үзэх...

Хорвоод мэндлэх хүслэн

Нарт ёртөнцийг харах гэж тэсч ядан хүлээнэ би
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана би
Анхныхаа амьсгалыг аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийн уудмыг алдалж би үзнэ
Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлж
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно
Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
Хүйтэн мэсээр биеийг минь тастчин байсан гэж үү?
Өвдөхийн эрхэнд би хичээн тийчлэн цовхчивч
Өөрийгөө би үнэхээр аварч чадахгүй нээ
ЭЭЖЭЭ намайг бүү голооч
Энгэрийг тань үнэртэх жаргал хайрлаач

Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, Би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваата намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог санй хүүхэд байя, Би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя
Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
Одоохондоо би мар тайван нойрсоно
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд найдаад
Хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө
Зүүд мөрөөдөлдөө умба ганцаараа инээн суухад
Зүү шиг хурц төмрөөр биеийг минь сүлбэн ороод
Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь
Хүйтэн ирээрээ хөрөөдөөд өршөөхгүй тастчихад
өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Өөрийгөө би үнэхээр аварч чадахгүй нээ
ЭЭЖЭЭ намайг бүү голооч
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, Би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваата намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог санй хүүхэд байя, Би амлая
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя................

Цааш үзэх...

Охин үрээ хайрла

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

Цааш үзэх...